Вэб сайт хийх төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Хэрэв та вэбсайт хийж эхлэх гэж байгаа бол энэ зөвлөгөөг нэг уншчихад илүүдэхгүй байх. Ялангуяа интернэтээр мөнгө олохыг хүссэн хүмүүс болон блог, нийтлэл бичиж эхлэх гэж байгаа хүмүүс заавал уншаарай. 

Вэб сайт хийх нь энгийн хүмүүсийн хувьд их хэцүү ажил мэт санагддаг ч тийм биш юм. Харин хэрхэн зөв хийх нь том асуудал юм. Иймээс энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

САЙТ ХИЙХ хэмээх том асуудлыг дотор нь хэд хэдэн жижиг асуудлууд болгож задлах ба уг жижиг асуудлуудыг нэг нэгээр нь шийдсэнээр та өөрийн сайтаа зөв, сайн хийж чадна.

Юуны өмнө А байгууллагын www.АAAA.com танилцуулга сайтыг хийх гэж байна гэж бодъё. Ингээд алхам алхмаар тайлбарлая.

1. Та сайтаа яах гэж хийх гэж байгаагаа тодорхойлно.

Ямар нэгэн зүйл хийхэд ядаж нэг шалтгаан хэрэгтэй. Тиймээс яагаад уг сайтыг хийх гэж буй шалтгаанаа бич.

Жш: А байгууллага нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байг. Тэгвэл уг байгууллага гадаад орны иргэдийг Монголдоо урьж авчрахын тулд хэдэн мянган доллартой тэнцэх зардлаар гадаад орнууд руу явж сурталчилгааг цөөхөн хэдэн удаа хийсэн нь дээр үү эсвэл уг зардлаас хэдэн зуу дахин бага зардлаар вэбсайтаа сайн ажиллуулсан нь дээр үү зэрэг асуудлуудын шийдэл юм.

2. Сайтын тодорхойлолт

Хийж буй сайтын танилцуулга, тодорхойлолтыг бич.

Жш: А байгууллагын сайт нь динамик байх уу, статик байх уу гэдгийг тодорхойлох бөгөөд ямар мэдээллүүд оруулахыг төлөвлөж сайтын бүтцийн эхний хувилбарыг гаргана.

3. Ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

Та уг сайтаар дамжуулан хүмүүст юу хүргэх гээд байгаа зүйлсээ жагсааж бичих тухай асуудал юм. Таны санал болгож буй зүйлс тань хүмүүст ямар хэрэгтэй, сонирхолтой вэ, зах зээл хэр вэ гэдгийг мөн судлаарай.

Жш: А байгууллагын үйлчилгээнд юу хамрагдах вэ? Цааш хэрхэн задрах вэ? Уг үйлчилгээг танилцуулахын тулд өөр ямар материалууд шаардлагатай вэ зэргийг тооцоолж сайтын бүтцээ баяжуулна.

4. Зочдыг дараа дахин, дахин зочлуулахын тулд яах ёстойгоо бод.

Мэдээж та сонирхолтой мэдээлэл бэлдэж, байнга шинэчилж байвал танай сайтад нэг зочилсон хүн дахин зочлох нь ойлгомжтой. Өөр ямар арга зам байгааг та сайн бодож тооцоолоорой.

Жш: Манай улсад сайтаа шинэчлэх явдал эрс бага байдаг нь ажиглагддаг. Тиймээс А байгууллагын хувьд шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл  тогтмол нэмж оруулж өгч байвал их оновчтой. Зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхий дахины мэдээллүүдээс иш татаж болох бөгөөд хамгийн оновчтой хэлбэр нь сайтаар дамжуулан өөрийн байгууллагын блогийг хөтлөх явдал. Блогийг зөвхөн хувь хүмүүс хөтөлдөггүй бөгөөд гадны томоохон байгууллагын захирлууд сайтаараа дамжуулан блог ажиллуулж өөрийн үзэл бодлоо бусад үйл явдлын дагуу өгүүлж бусадтай сэтгэгдлээ хуваалцаж байдаг. Үүний адилаар А байгууллагын захирал сайтаараа дамжуулан аялал жуулчлалын чиглэлээр өөрийн сэтгэгдлээ гадуур өрнөж буй үйл явдалтай холбон илэрхийлснээр таны сайтруу хандах зочдыг дахин татах нэгэн хувилбар болох юм.

5. Хүмүүс юу хүсэж байна вэ?

Хүмүүс юу хүсэж сонирхож байгааг судалж мэд. Үүнийг олж мэдсэнээр та сайтдаа ямар мэдээллүүд оруулах, барааны сайт хийж буй бол ямар бараа зарах эсэхээ тодорхойлох юм.

Жш: А байгууллагын хувьд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд гадны оронд байдаггүй Монгол улсын онцлогуудыг харуулах нь илүү сонирхолтой болж өгнө. Үүнд динозаврын өндөг, араг яс, Тайхар чулуу зэрэг жуулчдад үзүүлэх үзүүлбэрээр баялаг. Тэр бүү хэл зарим байгууллагууд говийн элсэн дээр цанаар гулгуулдаг.

6. Хүмүүс ямар үйлчилгээнд/бараанд мөнгө зарцуулдаг вэ?

Төлбөрт үйлчилгээний сайт нээх гэж буй бол энэ асуултад сайн хариул. Эрэлт ихтэй ховор бараанд хүмүүс бараг мөнгө хайрлахгүйг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Мөн хямд, чанартай бараа бас эрэлт ихтэй нь мэдээж.

Жш: А байгууллагын хувьд аялал жуулчлалын хажуугаар нэмэлтээр Монгол бэлэг дурсгалын зүйлс зарж борлуулж болох юм. Энэ үйлчилгээг жилийн ямар ч улиралд хийж болох бөгөөд өвлийн улиралд ихэнхдээ зогсонги байдаг аялал жуулчлалын байгууллагуудад илүү тохирсон үйлчилгээ.

7. Санхүү

Тогтмол санхүүтэй холбоотой бүхий л тооцоог жагсааж бич. Домэйн авах, вэб байрлуулах талбар авах, сурталчилгаа явуулах, вэбмастер хөлслөх гээд.

Вэб сайт хийлгэх, түүнийгээ ажиллуулах, домэйн нэр авах гэх мэт бүгд тус тусдаа үнэлгээтэй байдаг бөгөөд вэбсайтаа хийлгэсэн тохиолдолд жилд нэг удаа вэб байрлуулах талбар болон домэйн нэрний төлбөрийг тогтмол төлж байдаг. Хэрэв та өөрийн вэбсайтаа хэн нэгэн ажилтанд хариуцуулдаг бол тухайн хүний цалингийн тооцоог гаргах шаардлагатай.

8. Зардлуудыг жагсааж бичих

Бусад мэдэгдэж буй бүх зардлаа жагсааж бич. Түр зуурын болон ирээдүйд ойрын хугацаанд гарах зардлууд багтана.

Явцын дунд сайт дээрээ байрлуулах сурталчилгааг хийлгэх, бараа худалдаалах бол барааны мэдээлэл цуглуулахад юу шаардлагатай, вэбсайтын дизайныг өөрчлөх бол гэх мэт бусад хамааралтай зардлууд орно.

9. Тооцоо хий

Нийт ямар зардал гарах, хэчнээн зочид ямар хугацаанд сайтруу хандах, хандсан хэрэглэгчдийн хэд нь танай үйлчилгээнд хамрагдах, хэд нь байнгын хэрэглэгч болох гээд энэ бүгдийг тооцоол. 

10. Бизнес төлөвлөгөө гаргах

Уг сайтын үйл ажиллагааны талаар бизнес төлөвлөгөө зохиох. Та хэрхэн уг сайтыг амжилттай ажиллуулах, хэр хугацаанд ашгаа олж эхлэх гээд энэ бүгд багтана.

11. Маркетинг

Маркетингийн төлөвлөгөө гаргах. Эхний үед ингэж ажиллах, хэрэв хандалт болон гүйлгээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол ийм арга зам хэрэглэх гээд товчхондоо өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар маркетинг зохионо гэсэн үг юм.

Танд гэж зөвлөхөд МАРКЕТИНГИЙН төлөвлөгөөг тусад нь хэрэгжүүлсэн нь дээр байх гэж бодож байна. Учир нь маркетинг бол бүх бизнест маш чухал асуудал.

Энүүхэндээ зөвлөхөд интернет сурталчилгааны хувьд хамгийн оновчтой шийдэл нь Google-с гаргасан Adwords үйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь таны төлбөрт таарсан хандалтыг танай сайтруу илгээдэг бөгөөд таны бизнесийг тодорхойлох оновчтой түлхүүр үгсээр хайлтанд гаргах төлбөртэй сурталчилгааны хэрэгсэл юм.

Мөн үнэгүй сурталчилгаа хийх олон арга зам байдаг бөгөөд Twitter, Facebook, Instagram зэрэг Social Network болон Forum төрлийн сайтуудыг ашиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Харин та уг сайтуудыг нэлээд идэвхтэй ашиглах шаардлагатай. Гэтэл ийм чиглэлийн маш олон сайт байдаг. Тиймээс аль сайтыг ашиглах нь хамгийн оновчтой вэ хэмээн та бодож магадгүй. Тэгвэл та тухайн сайтуудыг аль болох л бүгдийг ашигла. Танай байгууллагын үйлчлүүлэгч бүх салбарын хэрэглэгчид байх болно. Тиймээс чиглэл чиглэлээ гарган ажиллаж тухайн чиглэлд таарах маркетинг явуулбал зүгээр юм.

12. Хэрэглэгчдийг тодорхойлох

Ямар хүмүүст зориулах болон хэрэглэгчтэй холбоотой бусад мэдээллийг судлах.

13. Хандалт татах

Үнэгүй хандалт татах талаар судалж олж мэдэх. 11р хэсэгт өгүүлсэнчлэн Social Network сайтууд аль болох ихийг идэвхтэй ашигла.

14. Зах зээлийн хэдэн хувийг эзлэх

Том мөрөөдөл шиг сонсогдож буй ч тодорхойлох ёстой асуудлын нэг юм.

15. Амжилтанд хүрэх зорилгоо тодорхойл

Зорилгогүй зүйл урагшлахгүй. Тиймээс та ямар нэгэн амжилтад хүрэхээр зорилт гарган түүндээ хүрэхийн төлөө чармайн ажилла. Уг зорилтдоо хүрвэл дахин том зорилт тавин ажилла. Хэдий чинээ том зорилт тавьж түүнийхээ төлөө ажиллана төдий чинээ та амжилтад хүрэх болно гэдэгт би маш их итгэлтэй байна.

16. Зорилтуудаа хугацаагаар эрэмбэлэх

15-д өгүүлсэнчлэн зорилтуудаа цаг хугацаагаар нь эрэмбэлэн тухайн хугацаа хүрэхэд уг зорилтондоо хүрсэн эсэхээ эргэн нэг харж байгаараа. Зорилтондоо тогтоосон хугацаандаа хүрч чадаагүй бол санаа зовох хэрэггүй. Харин би юун дээр алдав хэмээн бодож өөрийн алдаагаа нягтлаарай. Магадгүй та буруу тооцоолсон байж болох юм.

17. Чанартай мэдээллээр бөмбөгд.

ЯРЬДАГ ШИГЭЭ БИЧ гэж би хаа нэгтэйгээс уншиж байсан юм. Блог сайт нээж буй хүмүүс энэ дүрмээр явахад ер нь хожино уу гэхээс буруудахгүй байх. Чанартай шинэ мэдээллүүдийг интернет хэрэглэгчид байнга эрэлхийлж байдаг. Мөн чанартай давтагдашгүй мэдээллүүд нь хайлтын системд танай сайтыг бүртгэх чансаанд нөлөөлөхийг анхаарах хэрэгтэй.

Жш: А байгууллагын хувьд байгууллагын сайтаар дамжуулах блог дээрээ энэ хэсгийг баримтлах нь илүү зохимжтой.

18. Мөнгө олох

Блог ажиллуулж эхлэх гэж байгаа бол..... 
Та зүгээр л буяны байгууллага шиг ажилламаар байна уу? Амьдрал дээр буяны байгууллагууд ч өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг хаа нэгтэйгээс олж байдгийг санах хэрэгтэй. Тиймээс зүгээр нэг блог хөтлөнгөө мөнгө олж болох замыг эрэлхийл. Google Adsense ашигла.

19. Хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх

Танай сайтын байнгын хэрэглэгчид гэсэн үг юм. Уг хэрэглэгчдийг нэмэгдүүлэх нь танай сайтын чансааг бататгах болно.

20. Та үнэхээр зөв юм хийх гэж байна уу?

Энэ талаар нэг бодоод үзээрэй. Юмыг яаж мэдэх вэ хэнд ч хэрэггүй цаг хугацаа, мөнгө үрсэн буруу юм хийх гээд ч байгаа билүү. Тиймээс зөв юм хийхийн тулд төлөвлөгөөгөө маш сайн бодож гаргах хэрэгтэй.

[Эх сурвалж: php.az.mn]